Wednesday, May 12, 2010

Нүд...

Өнөөдөр урам муутайхан өдөр байлаа. Найдлага тавьж байсан ажил бүтсэнгүй. Учиргүй их өөрчлөлт авчрахгүй ч бүтчихсэн бол хэрэгтэй зүйл байсан юмсан. Үгүй тэгээд одоо яалтай ч билээ, нэгэнт өнгөрсөн хойно. Юутай ч жаахан алхахаар шийдээд гудамжинд гарлаа.
Хаврын байдаг л бүүдгэр өдөр. Хажуугаар зөрж өнгөрөх хүн бүр ямар нэгэн зүйлд шаналсан, цөхөрсөн, яарсан байдалтай алхацгаана. Инээсэн нэгэн нь хүртэл цаанаа л гунигтай. Уйтгарт бүүдгэр амьдрал... хаа сайгүй.
Бүх л зүйл саарал харагдан алхаж явсаар нэг л мэдэхэд Их дэлгүүрийн хажууд ирчихэж. Нэг жаахан охин эргэн тойрон тогдгонон гүйнэ. Сонин зардаг бололтой. Хүн болгоныг ах эгчээ болгон царайчлана. Дөхөж очсон намайг ч юу гэж алгасах вэ, гүйгээд ирэх нь тэр. ТВ мэдээ байна. Би ч ямар зурагт үзэх биш, тэрүүгээр яалтай ч билээ. Үүнийгээ тэрхүүд учирлан хэлж буцаасан ч авчихдаг ч байж уу гэж бодон араас нь хэсэг харж зогсов. Тэгсэн хоёр банди, нөгөө охиныг чинь хоргоогоод эхэллээ. Хараад байсан чинь харин нөгөө муу хоёр чинь жаал охиноос мөнгө авах гээд байгаа бололтой энд тэндээс нь зулгаана. Миний ч уур хүрч, очихын завдалгүй нөгөө хоёр чинь мөнгө аваад арилаад өглөө.
Нүдэндээ нулимстай үлдсэн жаал охин дээр очиход охины харц ямар аймшигтай байв аа. Бүхий л амьдарлаа өгүүлж, гомдол нэхэж байгаа юм шиг хорсол тээсэн харц. Инээд гэж юу байдгийг ч мэдэхгүй өссөн бололтой энэ бяцхан амьтан ямар нүгэлтэй гэж ингэж шийтгүүлж байгаа юм бол хэмээн аргадах ая талаа олохгүй охины харцнаас эмээн хэсэг зогсов. Сэтгэл өвдөж, дотроос минь нэг юм зулгаагаад байх шиг, түрүүний хоёр бандийг бариад авахгүй яав даа гэж өөрийгөө зүхнэ.
Охиныг аргадах үг олдохгүй дэмий л өмөрч зогссон би “эгчдээ нэг сонин өгчих” гэхэд бүлтийтэл өөдөөс харан
-Та авах гэж байгаа юм уу?
-Тийм ээ, эгч нь нэгийг авий
-Аниа та зурагт үздэггүй гээ биз дээ, энэ зурагтын мэдээ ш дээ
-Тийм л дээ, гэхдээ миний дүүд мөнгө хэрэгтэй биз дээ. Сая чиний мөнгийг аваад явчих шиг болно лээ. Дахиад тэгэх гэх юм бол ойрхон яваа том хүнд хэлээрэй за!
-Өө, аниа тэр чинь манай агаа байхгүй юу! Дандаа тэгдэг юм өө. Гэхдээ манай агаа надад хааяа гоё юм авч өгдийшд... гэх.
Надад ахыгаа гайхуулж, ахаараа бахархаж байна. Энэ үед охины харц, гайхмаар... оч шиг гялалзаж эхэлсэн.
-Аниа танд мэдээ хэрэггүй юм чинь яахын, та оронд нь бохь авчих тэхүү?
-Чи бас бохь зардаг юм уу?
-Үгүй ээ, манай найз зардын. Та авна тэ? /Охины итгэл дүүрэн харц.../
-Авий авий, гэхдээ найз чинь хаана байгаан?
-Одоохон аниа, одоохон би гялс аваад ирий. Та энийг барьжий, тэгээд битгий яваарай... байдаг хурдаараа гүйчихэв. Юунд итгэж өөрийнхөө хамаг өмч сонингоо надад орхиод явж байгаан бол???
-Аниа, аниа энэ бохь... өөртэй нь үе бололтой бас нэг жаахан охин дагуулаад ирлээ. Сонин зардаг охиныг бодоход арай бүрэг бололтой, ичингүйрнэ.
-За, аниа нь хоёрыг авий. Аль нь гоё вэ?
-Хөөх аниа, хоёрыг уу?! За, аниа энэ энэ гоё.
-Та хоёр мөнгөө хувааж авдаг юм уу?
-Үгүй, манай энэ найз бохь зардаг би сонин зардын.
-Аан, за баярлалаа. Зөндөө их орлого олоорой!
-Хэхэ, за аниа... хоёр охин хөтлөлцөөд баярлан цааш гүйлдэв.
Энэ охиныг өрөвдөж байсандаа одоо өөрөөсөө ичив. Охиныг явахад харц нь эрч хүч, зориг, баяр жаргалаар дүүрэн байсан. Өөрийнхөө сонинг заралгүйгээр найзынхаа бохийг зарчихаад сэтгэлээсээ баясаж байгаа, бас өөрөөрөө эрдэж байгаа нь, хаанаас нь гардаг юм гэмээр тэр их итгэл, бас хүндлэл, тэвчээр, хүлцэнгүй байдал, уучлал... тэр охинд бүх зүйл байсан. Материаллагаас бусад. Миний аль хэдийн мартсан, хаясан олон зүйлийг сануулж, бас буцааж өгсөн.
Тэндээс цааш алхахад зөрсөн хүн болгон эрч хүчтэй, өөр өөрсдийн зорилготой алхацгаана. Нар гарсан бололтой бүх зүйл өнгөлөг...
Хаанаас ч билээ “аж жаргалтай байх эсэхээ би өөрөө л шийднэ” гэж уншиж байсан. Харин хүний нүд зөвхөн байгаа зүйлийг биш хүссэн зүйлээ хардаг гэдгийг сая л мэдлээ. Сэтгэлдээ юу зурна, нүд тэрийг л хардаг юм байна.
Миний сэтгэл дэх саарал өнгийг олон өнгөөр сольж, бас ч үгүй зурах аргыг заасан тэр жаалхан охин. Одоо ч миний сэтгэлд сэрүүлэг болон цангинатал инээсээр л байна.